2026.6.22 |

Эмгэнэл

 

Жалайр овогт Хорлоогийн Баатар нь 2026 оны 06-р сарын 18-нд зуурдаар таалал төгсөж  үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо. Х.Баатар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багт төрж, Говь-Алтай аймгийн 2 дугаар арван жилийн сургуулийг Алтан медальтай төгсөж, 1979 онд ЗХУ-ын Одесса хотын  Их Сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн юм. 1979-1995 онд Улсын Төлөвлөгөөний Комисст,  Үндэсний хөгжлийн яам болон Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,  Макро эдийн засгийн бодлогын газрын ерөнхий захирал зэрэг хариуцлагатай ажлуудыг хашиж байлаа. Ялангуяа жилийн 370 хувийн гиперинфляцтай зах зээлийн нийгэмд шилжих эхэн үед улс орны эдийн засаг, нийгмийг сүйрлийн ангалаас гэтэлгэхэд Х.Баатар өөрийн авьяас чадвараа бүрэн зориулсан гавьяатай сайтар бэлтгэгдсэн үндэсний хуруу дарам цөөн чадалтай эдийн засагчдын нэгэн гэдгээ харуулсан юм. Тэрбээр төлөвлөлтийн шинжлэх ухаанд гойд нэвтэрсэн нэгэн байлаа. 

Тэрээр 1988-1991 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академид суралцан төгсөж, Улс төрийн дээд боловсрол эзэмшээд, “Монголын эдийн засгийн бүтцийн асуудлууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

Х.Баатар нь 1995-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлэгт анхны албаны даргаар, 2000-2005 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын даргаар ажилласан. Гаалийн бүрдүүлэлт, хяналтыг сайжруулан төсөвт төвлөрүүлэх орлогыг ихээхэн нэмэгдүүлэн, цахим гааль болох эхлэлийг тавьж, орчин үеийн лабораторийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн, Улаанбайшинт зэрэг олон боомтыг шинээр байгуулан, гаалийн дэд бүтцийг өргөтгөн олон шинэлэг  бүтээн байгуулалтыг  эхлүүлсэн юм. 

2016-2020 онд Хөдөө Аж Ахуйн Биржийн захирлаар ажилласан бөгөөд 3 жил алдагдалтай ажилласан компанийг 4 жил ашигтай ажиллуулсан нь мөн л тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмэр болсон юм.

2020 оноос эхлэн Монгол Улсын 3 дахь хөрөнгийн бирж болох “Чингис Хаан” Хөрөнгийн Биржийг үүсгэн байгуулалцаж, “Хийморь” санхүүгийн нэгдлийн захирал, Улс орны хөгжлийн төлөөх томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцон хувь нэмрээ оруулан ажиллаж байлаа. 

Төрөлх Алтай нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө олон жил зүтгэж, аймгийн нутгийн зөвлөлийн Хяналтын зөвлөлийн гишүүн, Есөнбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга, Хантайшир Бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, Наран / сум/ багийнхаа түүхэн хөгжлийн төлөө оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж ирсэн юм. 

Төрөөс түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон, Алтан гадас одон, Ойн медалиуд, Эдийн Засгийн салбарын тэргүүний ажилтан, Статистикийн салбарын тэргүүний ажилтан,  Санхүү, банкны тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнагдаж байжээ.

Гэр бүл, элгэн садан, найз нөхөд, эргэн тойрныхондоо түшигтэй, шулуун шударга зантай, чигч ухаалаг, хэнээр ч орлуулшгүй эрдэм ухаант, энэрэл ачлалт, ховор эр хүн байлаа. Түүний хийж бүтээсэн ажил, төр, нийгмийн төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл,  зарчимч чанар, нөхөрсөг, эгэл даруу төрх үүрд бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.

       Талийгаачийн гэр бүл, ах дүү хамаатан садан, найз нөхөд, хамт олноос нь